
“Могул Сервис” компани нь Чанарын удирдлагын ISO 9001, Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001 стандартуудын шаардлагыг бүрэн хангаж, олон улсын баталгаажуулалтын сертификатаа гардан авлаа. ISO 9001 ба ISO/IEC 27001 нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг, байгууллагын итгэлцэл, чанар, мэдээллийн аюулгүй байдлын үндэс болдог хоёр гол стандарт юм. Ингэснээр “Могул Сервис” компани хоёр гол стандартыг хослуулан амжилттай нэвтрүүлж, баталгаажуулалтын сертификатаа авсан Монголын мэдээллийн технологийн салбарын цөөн компаниудын нэг болж байна. Үүний үр дүнд “Могул Сервис” компанийн харилцагчид Олон улсын стандартад нийцсэн хамгийн аюулгүй, найдвартай, чанартай үйлчилгээг авдаг боллоо.
Үүсгэн байгуулагдсан цагаасаа үүлэн технологид суурилсан мэргэжлийн үйлчилгээг тасралтгүй хүргэж ирсэн “Могул Сервис” компанийн багийн үндсэн хэсгийг бүрдүүлдэг инженер, техникийн ажилтнууд нь Microsoft, Dell Technologies, Google, Canon зэрэг дэлхийн тэргүүлэх байгууллагуудын сертификаттай, мэргэшсэн боловсон хүчин бөгөөд дэлхийн жишигт нийцсэн мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээг үзүүлдэг.

ISO буюу Олон Улсын Стандарчлалын байгууллага нь 1947 онд Швейцарь улсад үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 170 гаруй орны гишүүнчлэлээс бүрдсэн, стандарт боловсруулагч, түгээгч дэлхийн хамгийн том байгууллага юм.
ISO 9001 стандарт нь дэлхий дахинд хамгийн өргөн хэрэглэгддэг чанарын удирдлагын тогтолцоо бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн удирдаж, тасралтгүй сайжруулахад чиглэсэн арга зүй юм. Энэхүү стандартыг нэвтрүүлснээр байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг урт хугацаанд тогтвортой байлгах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой амжилтад хүрэх нөхцөлийг бүрдүүлдэг. ISO стандартчиллын байгууллагаас гаргасан нийт 20’000 гаруй стандартаас хэрэгжилтээрээ тэргүүлдэг ТОП 10 стандартын 1-т ISO 9001 стандарт ордог нь энэ стандартын ач холбогдлыг илтгэдэг.
ISO/IEC 27001 стандарт нь байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийн зарчимд үндэслэн хамгаалдаг системийг бий болгодог. Мэдээллийн аюулгүй байдал нь байгууллагын амжилт, нэр хүнд, итгэлцэл, санхүүгийн тогтвортой байдалтай шууд холбоотой. Энэ стандарт нь мэдээллийн алдагдал, хакер халдлага, дотоод алдаа зэрэг эрсдэлээс хамгаалах цогц системийг тогтвортой нэвтрүүлдэг тул байгууллагын өрсөлдөх чадвар, итгэлцэл, хууль дүрэмд нийцэх байдал, бизнесийн тасралтгүй ажиллагааг хангахад маш чухал ач холбогдолтой юм.
Ийнхүү “Могул Сервис” ХХК нь мэдээллийн технологийн үйлчилгээгээр дэлхийн компани болох алсын хараандаа нэг алхам ойртож чадлаа. Бидэнтэй хамтран дижитал шилжилтийн урт хугацааны, сорилттой ч сонирхолтой аялалд, алдаа оноогоо хуваалцан хамтдаа урагшилж буй хамтран ажиллагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид цаашид ч та бүхний итгэлтэй, хариуцлагатай түншийн хувиар хамтын амжилтыг бататган, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах болно.


