Орчин цагт компаниуд технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн бүтээмж болон өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх цоо шинэ загваруудыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл технологи бизнесийн дүрмийг өөрчилж эхэлсэн гэсэн үг.
Тэгвэл энэхүү дижитал шилжилтийг эхлүүлж, байгууллагынхаа дотоод үйл ажиллагааг автоматжуулах хамгийн сүүлийн үеийн технологийн тренд, тэргүүн туршлагуудын талаар мэдээлэл өгөх зорилготой “Digital Journey” эвент өчигдөр Blue sky Зочид буудалд зохион байгуулагдлаа. Уг эвентийг Майкрософт корпорацын алтан түнш, 2019 оны Монгол дахь шилдэг түнш “Могул Сервис энд Саппорт” компанийн зохион байгуулсан бөгөөд орчин үеийн, ухаалаг ажлын байрыг бий болгоход туслах дижитал шилжилт болон түүнд шаардлагатай технологиудын талаар танилцууллаа.
Дижитал шилжилт нь байгууллагад дотоод үйл ажиллагаагаа явуулах уламжлалт арга барилаа сайжруулж түүнийг автоматжуулах боломжийг олгодог. Монголчууд технологийн тэдгээр томоохон шийдлүүдийг худалдан авч, ашигладаг боловч түүнийг хараахан бүрэн гүйцэт ашиглаж чаддаггүйг “Могул Сервис энд Саппорт” компанийн бизнес процесс автоматжуулалтын ахлагч Түвшинтуяа энэ үеэр онцолсон юм.
Ихэнх байгууллагын лицензийн хэрэглээн дээр анализ хийхэд ердөө тухайн шийдлийн 47.95%-ийг л идэвхтэй ашиглаж байгаа нь судалгааны дүнгээр гарчээ. Тиймээс байгууллагууд шинэ шийдэл ашиглахаас илүү өөрсдийн худалдан авсан шийдлээ бүрэн дүүрэн ашиглаж байгаа эсэхээ хянаж байхыг санууллаа. Мөн тэдгээр шийдлүүдийг хэрхэн бүрэн дүүрэн ашиглаж, байгууллагын өдөр тутмын энгийн хэрэглээний шаардах бичиг, төлбөр хүсэх, KPI дүгнэх зэрэг процессуудыг бидний сайн мэдэх Microsoft Office 365 шийдлээр хэрхэн шийдэж болохыг жишээн дээр харуулсан юм.
Сүүлийн жилүүдэд томоохон корпорацууд дижитал аяллаа үргэлжлүүлэн, дэд бүтцээ үүл рүү шилжүүлж, серверийн өрөөгөө ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх амралтын өрөө болгож байна. Энэ нь байгууллагад датагаа хадгалах, засварлах боломжийг түргэн олгож, тэдгээрийг ашиглах боломжийг чөлөөтэй олгодгоороо давуу талтай юм. Компанийн дэд бүтцийг үүл рүү шилжүүлснээр түгээмэл ашиглагдаж байгаа Microsoft Azure шийдлийн талаар мөн танилцууллаа.
Энэ үеэр мөн “Могул Сервис энд Саппорт” компанийн захирал Жавхлан “Дижитал шилжилт гэдэг нь үнэтэй лиценз бүхий програм хангамж биш. Харин таны бизнесээ илүү хурдан бөгөөд үр бүтээмжтэйгээр удирдан авч явах боломжийг олгох, тохирсон технологи юм. Тиймээс тухайн байгууллага өөрт тохирсон зөв шийдлийг сонгон, бүрэн дүүрэн ашиглах нь маш чухал юм. Энэхүү эвентээр бид орчин үеийн ажлын байрыг бий болгоход туслах технологи болон түүнийг хэрхэн ашиглах талаар мэдээллийг хүргэлээ” гэсэн юм.