Өнгөрсөн 6 сард Майкрософт корпорацийн Алтан түнш болсон “Могул Сервис энд Саппорт” компани мэдээлэл технологийн салбарт дэлхийд тэргүүлэгч Майкрософт корпорацийн 2019 оны Монгол дахь шилдэг түншээр дахин шалгарлаа.
Дэлхий даяарх нийт 115 гаруй улсад, 2900 гаруй түншээрээ дамжуулан технологийн дэвшлийг түгээдэг Майкрософт корпорац жил бүр шилдэг түншээ шалгаруулдаг уламжлалтай. Ингэхдээ өнгөрсөн жилд үзүүлсэн үйлчилгээний тоо, чанар зэргийг харгалзан тодруулдаг юм.
Монголд албан ёсны эрх бүхий 13 компани үйл ажиллагаагаа явуулж байгаагаас энэ жил Могул Сервис энд Саппорт компанийг оны шилдгээр нэрлэлээ.
Энэ үеэр Майкрософт корпорацийн байгууллага хариуцсан дэд ерөнхийлөгч, хатагтай Гавриела Шустер “Могул Сервис энд Саппорт компани Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдэд бидний бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээс гадна сургалт хөгжүүлэлтийг маш өндөр түвшинд хийж, өнгөрсөн жил мэргэжлийн өндөр түвшинд ажилласан учраас бид энэ оны шилдэг түншээрээ нэрлэж байна.” гэжээ.
Мөн энэ талаар “Могул Сервис энд Саппорт” компанийн захирал Б.Жавхлан “Бидний ажил бүтээлийг Майкрософт корпорац өндрөөр үнэлэн өнгөрсөн 6 сард Алтан түншээр өргөмжилсөн бол өнөөдөр 2019 оны Монгол дахь шилдэг түншээр тодруулсанд бид гүнээ талархаж байна. Бид хийсэн бүтээснээрээ бахархахын хажуугаар цаашдаа энэ эрчээ алдалгүй улам ахиулан ажиллах болно” гэдгийг онцолсон юм.
“Могул Сервис энд Саппорт” компани 2018 оноос хойш “Microsoft Office 365”, “Microsoft Azure” зэрэг программ хангамжуудыг Монголын жижиг дунд бизнесүүдэд албан ёсоор хүргэж, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэлтээс эхлүүлэн сургалт, хөгжүүлэлтийн ажлыг хариуцан найдвартай ажилласаар байгаа юм.