Дэлхийн хөгжиж буй 90 гаруй улсад зохион байгуулагддаг гарааны бизнесүүдийн шилдгийг шалгаруулдаг “Seedstars World Competition 2020/21” тэмцээний Үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гарагт SMS marketing space-д амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 40 гаруй гарааны бизнес эрхлэгчид эхний шатны шалгаруулалтад оролцсоноос сүүлийн шатанд “TomYo” боловсролын платформ, “Оnefit” фитнесийн цогц үйлчилгээний аппликейшн, “Дижитал кредит” зээлийн цахим маркет, “Crowd asset” Монголын анхны олон нийтийн санхүүжилтийн платформ, “odo shop” онлайн худалдааны аппликейшн зэрэг 5 гарааны бизнес өрсөлдсөн юм.
Могул Сервис энд Саппорт ХХК гарааны бизнес эрхлэгчдийг үргэлж дэмжин ажилладаг бөгөөд энэ удаагийн “Seedstars World Competition 2020/21” тэмцээнд хамтран ажиллаж 3-р байрын эзэн болсон "Odo shop" төслийн багийнханд 1’000’000 төгрөгийн үнийн дүн бүхий шагналыг гардуулсан юм. Энэхүү төсөл нь орон даяар 1000 дэлгүүрийг холбосон онлайн хүнсний дэлгүүрийн сүлжээг байгуулах зорилготой юм.
Дэд байрыг “Crowd Assets” санхүүжилт хүссэн бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарыг холбох хамтын санхүүжилтийн платформ эзэлсэн юм. Харин “Монгол оюуныг дэлхийд гаргах” зорилго бүхий Tomyo-ийн залуус маань аваргын цомыг хүртэж, Төв Ази, Зүүн Европын орнуудын шилдгүүдтэй өрсөлдөхөөр боллоо.
“Seedstars” тэмцээн нь технологид суурилсан гарааны бизнесүүдийг хөрөнгө оруулалт авахад нь бэлтгэх, олон улсын хөрөнгө оруулагчид, менторуудтай холбогдох боломжийг олгодoг бөгөөд сүүлийн шатанд шалгарсан шилдэг гарааны бизнес 500,000 ам. доллар хүртэлх хөрөнгө оруулалт авах боломжтой юм.