Могул Дата Центр 2022 оны 1-р улирлаас эхлэн үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэж эхлээд байна. Хэрэглэгч байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа, найдвартай сүлжээ, аюулгүй байдлыг хангах мэргэшсэн инженерийн баг хамт олон ажиллаж байна.
Мэдээлэл Технологи, Харилцаа холбооны салбарын хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн үйлчилгээг хүргэхээр зорьж буй Могул Дата центртэй Харилцаа Холбооны Зохицуулах хорооны удирдлагууд болон мэргэжилтнүүд 2022 оны 5 сарын 24ны өдөр биеэр ирж барилга тохижуулалт, тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөө зорилготой танилцлаа.
(Зүүн талаас: Могул Дата Центр Ашиглалтын инженер- Э.Баяржавхлан, ХХЗХ-ны Интернэт сүлжээ үйлчилгээний хэлтсийн дарга- Т.Батболд, ХХЗХ-ны Технологийн хөгжлийн төвийн дарга- С.Долгорсүрэн, Могул Сервис энд Саппорт Гүйцэтгэх захирал- С.Болор-Эрдэнэ, ХХЗХ-ны ЗБХГ-ын дарга- Б.Мягмарнаран, ХХЗХ-ны ТХТ-ийн мэргэжилтэн- Ч.Пүрэвсүрэн, Могул Дата Центр хариуцсан менежер- А.Ууганбаяр)
Уулзалтын үеэр Монголын улсад баримталж буй дата центрын тухай MNS 6528:2021 стандартын хэрэгжилт, биелэлтийн талаар GAP анализ хийн, дэлхийн дата центрүүд болон Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй дата төвүүдийн ялгаатай байдал болон сайжруулж өөрчлөх шаардлагатай асуудлууд дээр санал бодлоо солилцсон уулзалт амжилттай болж өнгөрлөө.
Монгол улсад баримталж буй дата центрын тухай MNS 6528:2021 стандарт нь дата төвийн харилцаа холбоо болон бусад дэд бүтцийн шаардлагуудыг агуулсан бөгөөд өгөгдөл, програмыг хадгалах, боловсруулах, түгээх зорилгоор мэдээллийн технологийн үйл ажиллагааны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй, найдвартай байдлыг хангах зорилогтой стандарт юм. Дата центрын тухай MNS 6528:2021 нь дата төвийг шинээр барьж байгуулах, төлөвлөх, өргөтгөхөд түүний барилга байгууламж, харилцаа холбоо, цахилгаан хангамжийн систем, механикийн системийн техникийн болон суурилуулалттай холбогдох хамгийн бага шаардлагыг тодорхойлдог.
Могул дата центр нь дижитал шилжилтийн энэ үед тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн технологийн орчинд бизнесийнхээ дата, дэд бүтцийг бэлэн байлгаж, найдвартай, тасралтгүй ажиллагаатай байлгахад нь хэрэглэгчдэдээ тусалж, үнэ цэнийг хүргэх, цаашлаад харилцагчдадаа өөрсдийн үндсэн бизнестээ анхаарах эрх чөлөөг олгох тэргүүн зорилготой.
Харилцаа Холбооны Зохицуулах хорооны удирдлагууд болон мэргэжилтнүүд Могул Дата центртэй бүрэн танилцан дүгнэхдээ:
"Могул Дата Центр нь Монгол улсын Дата центрийн тухай стандарт болон дэлхий дахинд баримталж буй дата центрийн олон чиглэлийн стандартуудыг хангасан байна. Дэлхийн дата центрийн стандартын тухайд DCOS, Uptime Institute-ийн TIER зэрэг чиглэл бүрд шаардлагууд байдаг ба үйл ажиллагаа, техник хангамж, хүний нөөцийн хувьд эдгээрийг бүрэн хангасан гэж үзэж болохоор байна. Монгол улсад мэдээллийн технологийн салбар сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаа. Үүнийг даган хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага ч дэлхийтэй хөл зэрэгцэхүйц болж байна. Дата төвийн үйл ажиллагааг ханган ажиллах нь Мэдээллийн технологийн салбарын хамгийн хариуцлагатай ажил юм шүү." хэмээн онцоллоо. Мөн Дата төвийн үйлчилгээг хүргэхээр зорьж буй Могул Дата центрийн баг хамт олонд цаашдын ажилд нь улам илүү ололт, амжилтыг хүссэн уулзалт болж өнгөрлөө.