Орчин үед ихэнх компанийн үйл ажиллагаа технологи дээр суурилан явагддаг болжээ. Тийм ч учраас байгууллага бүрт мэдээллийн технологийн хэрэгцээ үүсдэг. Интернэт, имэйл, хэвлэлт, утас, дохиолол гэх мэт технологийн олон асуудалд бид санаа тавих хэрэгтэй болдог. Тэгвэл энэ төрлийн ажлуудыг “нуруунаас” тань чөлөөлөх Mogul Service & Support компанийг бид онцолж байна. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Жавхлантай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу.
Бизнесийн нэр: Mogul Service and Support
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Анун төвийн байранд
Чиглэл: Мэдээллийн технологийн үйлчилгээ
Хэзээ байгуулагдсан: 2013 он
Сошиал хуудсууд: Mogul Service and Support LLC
Могул Сервис энд Саппорт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан
Бизнесийн санаагаа хаанаас яаж олсон бэ?
Компани болгонд мэдээллийн технологийн (IT) баг хэрэггүй ч компани болгонд IT-ийн хэрэгцээ бий. Ихэнх компани өөрсдөө IT-ийн хүн авч ажиллуулах, бүтээгдэхүүнээ гаднаас худалдаж авах зэргээр үүнийг шийдэж байна. Ер нь манай компаниуд IT ч гэлтгүй бүх зүйлээ өөрсдөө хийгээд явж байна. Гэтэл тухайн байгууллага өөрсдийн үндсэн хийдэг зүйлдээ төвлөрөх ёстой. Тухайн зүйлдээ төвлөрч, түүнийгээ бусдаас илүү хийдэг байх хэрэгтэй.
Ялангуяа жижиг дунд бизнесүүдийг анзаараад байхад IT-гийн хэрэгцээ маш их тулгарч, тэр хэрээр маш их цаг, хөрөнгийг зарцуулж байна. Үүнээс болоод гол ажилдаа төвлөрч чадахгүй, үндсэн юмаа хийж чадахгүй байх асуудал үүсдэг. Тиймээс бид тухайн байгууллагын IT-ийн бүх төрлийн үйлчилгээг нь хариуцахыг санал болгодог. Нэг ёсондоо манай үйлчилгээг авснаар технологийн асуудалдаа санаа зовох шаардлагагүй гэсэн үг юм.
Манай компанийг үүсгэн байгуулсан хүмүүс ихэнх нь Ай Ти Зон-д ажилладаг байсан. Тэнд бид олон төрлийн судалгаа хийгээд, манай улсад технологийн үйлчилгээ үзүүлдэг компани байхгүй юм байна гэдгийг анзаарсан. Улмаар бид энэ салбарт анхдагч, зам гаргагчид нь байж чадна гэдгийг ойлгосон юм. Юмыг болохоо больсон хойно нь шийдэх гэж оролдох нь зардал ихтэй байдаг тул компаниудад урьдчилан сэргийлсэн үйлчилгээ үзүүлдэг болъё гээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
Манай анхны хөрөнгө оруулалтыг Ай Ти Зон компани шийдэж, эхний хоёр жил урсгал зардалд дэмжлэг үзүүлсэн. Мөн анхны үйлчлүүлэгчид том тус хүргэсэн гэж боддог. Гэхдээ ихэнх зардлаа зээлээр шийдэж байлаа. Түүнээс хойш өөрсдөө бие даан ажиллаж байна.
Хамтрагчдаа хэрхэн олж, сонгосон бэ?
Манайх анх 8 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж байсан. Ихэнх нь IT Zone-д ажиллаж байсан залуучууд. Нэг байгууллагад ажиллаж байсан болоод ч тэр үү маш сайн гар нийлж ажилладаг. Бие биеэ сайн мэддэг учраас ойлголцоход ч хялбар байдаг. Одоо манай компани 50 орчим ажилчинтай. Нэг зорилго тэмүүлэлтэй хамт олон бий.
Танай бизнес/бүтээгдэхүүний онцлог, давуу талууд?
Манайх хэвлэлт, хувилалт хариуцсан үйлчилгээ, эцсийн хэрэглэгчийн тоног төхөөрөмж буюу мэдээлэл технологийн дэд бүтцийн үйлчилгээ, үүлэн дэд бүтцийн үйлчилгээ, клауд камер, галын дохиоллын үйлчилгээ, дуудлагын төвийн үйлчилгээ гэсэн үндсэн 5 үйлчилгээг үзүүлж байна.
Монголд эдгээр ажлыг байгууллагууд ихэвчлэн өөрсдөө хийх дуртай. Гэтэл өмнө дурдсанчлан энэ олон асуудалд компани өөрөө анхаарал тавиад эхлэхээр үндсэн ажлаасаа хоцроод эхэлдэг. Энэ төрлийн салангид үйлчилгээг үзүүлдэг олон байгууллага бий л дээ. Гэхдээ бүгдийг нь нэг дороос авах боломжийг бид олгодог. Эдгээр үйлчилгээг өөр өөр газраас авна гэдэг маш их цаг, ажил шаардана.
Мөн манай байгууллага харилцагчдынхаа жаргал зовлонг бүгдийг нь сонсож, урт хугацаанд хамтрагчид байхыг хүсдэг. Нэг бүтээгдэхүүн үйлчилгээ өгөөд л орхиж явах нь бидний зорилго биш.
Жишээ нь Монголын хамгийн том технологийн компаниудын нэг Ай Ти Зон бүх IT-ийн үйлчилгээгээ манайд хариуцуулдаг. Ай Ти Зон өөрөө энэ салбарын компани хэрнээ манайхаас ийм үйлчилгээ авч байна гэхээр сонирхолтой байгаа биз. Тэд бас л дээр дурдсанчлан өөрсдийнхөө үндсэн ажилдаа төвлөрөхийн тулд ийм шийдвэрийг гаргаж байгаа юм.
Ай Ти Зон одоо бүх зүйлээ үүлэн технологи уруу шилжүүлчихсэн. Өмнө нь 300 хүний имэйл системийг өөрсдөө аваад явдаг байсан. Мөн өмнө нь гаргадаг байсан зардлынхаа 90 хувиас нь салчихсан.
Гэхдээ үүлэн технологи зөвхөн имэйлийн тухай ойлголт биш юм. Жишээ нь Ай Ти Зонын ажилтнууд гэрээсээ ажлаа хийж байна. Үүний гол хөшүүрэг нь ерөөсөө л үүлэн технологи. Ер нь Ай Ти Зонын хувьд бүх талаараа дижитал болчихсон. Хэвлэлтэн дээр өөрсдөө нэг ч ширхэг цаас авдаггүй, нэг ч хор авдаггүй.
Танай ойрын болон хэтийн зорилго?
Бид үйлчилгээний стандартыг тогтоосон, хэрэглэгчдэд үндсэн бизнестээ анхаарах эрх чөлөөг нь олгосон жишиг байгууллага байя гэж зорьдог. Яг энэ зорилгынхоо төлөө бид 5 жил ажиллаж байна. Хэтийн зорилго бол монгол инженерүүдийн ур ухаанаар дэлхийн тавцанд өрсөлдөхүйц компани болох юм.
Бизнесийн үнэт зүйлс, баримталдаг зарчим тань юу вэ?
Үнэт зүйл гэдэг бол хүн юуг хийх вэ, юуг үл хийх тухай ойлголт гэж бодож байна. Манайх таван зүйлийг онцолж өөрсдийн үнэт зүйлээ хэмээн тодорхойлсон. Нэгдүгээрт, хамтын ажиллагаатай байх. Ингэснээр бид хэрэглэгчтэйгээ ойрхон ажиллах боломж бүрдэнэ. Хамгийн гол нь бид хүмүүсээ сониуч байгаасай гэж их хүсдэг. Ямар нэг зүйл эвдэрчихвэл яагаад гэдгийг сонирхдог байгаасай гэж хүсдэг.
Мөн бидний хэзээ ч алдаж болохгүй шинж чанар бол урьдчилан сэргийлэх байдал. Учир нь компанийн оршин тогтнох тулгуур бол юмыг болохоос нь өмнө сэргийлэх. Эцэст нь сурч хөгждөг байх хэрэгтэй. Бид ажилтнууддаа үргэлж сурч хөгжих ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Манай ажилчид шинээр юм сурах бүртээ бонус, урамшуулал авдаг. Заавал юм хийснийхээ төлөө биш юм сурсныхаа төлөө урамшуулал авна гэсэн зарчимтай. Хүн хөгжиж, суралцсаар байх юм бол ирээдүйдээ бүр ч ихийг бүтээнэ.
Одоо та бүхэн юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ?
Компаниудад үүлэн технологийн үйлчилгээ маш их эерэг үр дүнг авчирч байна. Тиймээс одоогоор үүлэн технологийн үйлчилгээнүүд дээрээ ихэд анхаарч ажиллаж байна. Мөн монгол хүмүүст тохирох, гадаад зах зээлд ч өрсөлдөх мэргэжлийн үйлчилгээг хөгжүүлэхэд ихэнх цагаа зарцуулж байна.
Энэ бизнесийг эрхлэхийн хэцүү бэрхшээлтэй тал? Давж гарсан бэрхшээл, олж авсан сургамжаа хуваалцана уу?
Манайх салбартаа “зам гаргаж” буй анхдагчдын нэг болохоор бэрхшээлтэй зүйл их тохиолдоно.
Бид хэрэглэгчдэд алсаас хянах үйлчилгээ үзүүлэхийг санал болгоход хүлээж авах хүн байдаггүй байлаа. Хэрэглэгчдэд өөрсдийн үйлчилгээг зөвөөр таниулах, үнэхээр хэрэгтэй шүү гэдгийг таниулах нь маш хүнд ажил.
Эерэг тал нь бид нийгэмдээ тодорхой хэмжээний үйлчилгээний хэм хэмжээг тогтоогоод байна. Олон хүнд сорилтуудтай тулгарч буй ч даван гарсны дараа маш сайхан мэдрэмж төрдөг. Бизнес эрхэлж байхад юм юм л тохиолдоно. Зарим үед цалингаа ч тавьж чадахгүй хүнд байдалд орж байсан үе бий.
Ярилцлага өгсөн: Могул Сервис энд Саппорт ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлан