Хүмүүсийн ажиллах уламжлалт хэв маяг өөрчлөгдөж, илүү уян хатан, хөдөлгөөнт байдалд шилжиж, үүнд техник технологийн дэвшлийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл ажлын өрөөнд тухлан суухаас илүүтэй өөрийн байгаа газраас цаг алдалгүй ажлаа явуулах, удирдах, хянахыг орчин цагийн хөгжлийн хэм хэмнэл биднээс шаардах болжээ. Энэхүү хөгжилтэй хөл нийлүүлэн Microsoft корпораци “Office 365” програмыг шинээр зах зээлд нэвтрүүлээд байгаа билээ. Тус корпорацийн Монгол дахь албан ёсны түнш ITZone компанийн Бизнес шийдэл хариуцсан менежер Р.Эрхэмбаяртай “Office 365” програмын талаар ярилцлаа.
MM: ITZone компани хэзээнээс програм хангамжийг Монголын зах зээлд нийлүүлэх болсон юм бэ?
Манай компани 1997 онд байгуулагдахдаа компьютер тоног төхөөрөмж нийлүүлж бизнесийн гараагаа эхэлж байсан түүхтэй. 2000 оноос програм хангамжийн чиглэлээр ажиллаж 2004 онд Microsoft корпорацийн албан ёсны түнш болж байв. Ингэхдээ тус корпорацийн бүтээгдэхүүнүүдийг Монголын хэрэглэгчиддээ албан ёсоор хүргэхээс гадна техникийн ур чадвартай боловсон хүчин бэлтгэж эхэлсэн юм. ITZone компани нь 2010 онд Microsoft корпорацийн Silver partner, 2013 онд Dуnamic CRM partner статустай тус тус болж байлаа. 2014 оноос эхлэн Microsoft корпорацийн Cloud буюу үүлэн тооцоололд суурилсан технологи үйлчилгээг хэрэглэгчдэд нийлүүлэх боломжтой болж байна.
MM: Үүлэн тооцоололд суурилсан технологи үйлчилгээний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?
Өнөөдөр програм хангамжийн ертөнцөд интернэт хөгжихийн хэрээр cloud технологийн талаар ярих болжээ. Өөрөөр хэлбэл мэдээлэл технологийн бүтээгдэхүүнийг үйлчилгээ болгон хэрэглэгчдэд хүргэж байгаа хэлбэр нь cloud технологи дээр суурилж байгаа юм. Өмнө нь Microsoft корпорацийн office програмыг хэрэглэхийн тулд лиценз, DVD худалдан авдаг байсан. Харин одоо хэзээ ч, хаанаас ч, хэрэглээндээ тулгуурлан энэхүү програмыг хэрэглэх боломжтой болж байна. Оffice програмыг орчин үед хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй болгох үүднээс олон төхөөрөмж дээр ашиглах боломжийг бүрдүүлэхийг Microsoft корпораци зорьсон юм. Үүний үр дүнд “Оffice 365” програмыг үйлчилгээ хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэж эхлээд байна.
MM: “Office 365”-ийн давуу тал, онцлог болоод өмнөх office програмаас ямар ялгаатай вэ?
“Office 365” нь хэзээ ч хаанаас ч хэрэглэх боломжтойгоороо бидний хэрэглэж заншсан Оffice програмаас гол ялгаатай. Мөн гар утас, таблет гээд орчин үеийн олон янзны ухаалаг төхөөрөмжүүд дээр энэхүү програмыг ашиглах боломжтой болсон байгаа.
Office 365 нь word, excel, power point, outlook, sharepoint гэх мэт оффисын хэрэглээний програмуудыг багтаасан бөгөөд дотроо хэрэглэгчдийн тоо хэмжээнд тохирсон хэд хэдэн сонголттой байдаг. Тухайлбал “Small business plan” гэхэд 10 хүртэлх ажиллагсадтай бизнесийн байгууллагуудад, “Mid-size business plan” нь 11-250 ажиллагсадтай байгууллагуудад тохирох жишээтэй. Нөгөөтээгүүр шинэ програм нь хэрэглээндээ тохирсон төлбөрийн уян хатан сонголттой. Жишээ нь янз бүрийн төслийн хүрээнд 1 сарын хугацаанд office програмыг хэрэглэх шаардлага гарч болно. Ийм тохиолдолд тухайн хугацааны төлбөрөө л төлж, office програмыг бүрэн хэрэглэх боломжтой гэсэн үг.
MM: Энэхүү шинэ програмыг интернэт орчинд л ашиглах уу?
Office 365 нь онлайн сервис учир интернэтийн холболт шаардагдана. Гэхдээ интернэтгүй хэрэглэгчдэд зориулж Microsoft корпорациас “Office 365” програмын Desktop хувилбарыг санал болгосон байгаа. Desktop хувилбараа ашиглаж байгаад интернэт сүлжээнд холбогдох тохиолдолд файлуудыг sync хийж сервер дээр хадгалах боломжтой. Энэ нь файлын давхцал үүсэхгүйгээр, эргээд таны үнэ цэнэтэй хэрэгцээтэй файлууд устахгүй байх боломжийг хангаж өгч байгаа юм.
MM: “Оffice 365” програм нь анх хэзээ дэлхийн зах зээлд нэвтэрч, Монголын хэрэглэгчдэд хүрсэн бэ?
2011 оны 6 дугаар сарын 28-нд “Оffice 365” програм нь анх албан ёсоор дэлхий дахины хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд илүү сайжруулсан шинэ хувилбар нь 2013 оны 2 дугаар сарын 27-нд гарсан байдаг. Өнгөрсөн оны 12 дугаар сараас Монголын зах зээлд нэвтэрсэн юм. Аливаа шинэчлэлийг хийхэд судалгаанд багагүй хугацаа шаардагддаг. Монголын хэрэглэгчдийн хувьд одоогийн байдлаар “Энержи Ресурс” компани “Оffice 365” програмын “Exchange online plan”-ыг нэвтрүүлж, бизнесийн цахим шуудангаа cloud хувилбараар авч байна. Энэхүү програмыг хэрэглэсний давуу тал нь програм хангамжийн техник, туслалцаа үйлчилгээний бүхий л асуудлыг Microsoft корпораци хариуцаж, шууд шийдвэрлэж өгдөгт оршино.
MM: Програмыг худалдан авах үнэ төлбөрийн талаар хэрэглэгчид сонирхох байх?
Байгууллагын ажилтны тооноос хамаарсан олон сонголт байгаа. Мөн хувь хүнд зориулсан сонголт ч бий. Төлбөрийн хувьд 1 хэрэглэгч 1 сар эсвэл жил гэсэн хувилбаруудтай. Жилийн төлбөр нь илүү хөнгөлөлттэй байдаг. Жишээ нь “Office 365 Business Essentials plan”-ыг 1 хэрэглэгч сард 5 ам.доллар-аар худалдан авах боломжтой.
MM: “Office 365” програм нь өмнөх office програмуудтай хэр зохицон ажиллах вэ?
“Office 2010, 2013” гэх зэрэг сүүлийн хувилбарууд “Office 365” програмтай илүү сайн зохицох бол хуучин хувилбарын хувьд зарим нэг асуудалтай тулгарах магадлалтай. Office 365 програм нь онлайн орчинд автоматаар шинэчлэгдэн, Microsoft компаниас гаргасан хамгийн сүүлийн update хийгдсэн дэвшилтэт хувилбарыг шууд ашиглаад явах боломжийг олгодог. Мэдээж шаардлагатай тохиолдолд хуучин хувилбараар файлаа хадгалах, шилжүүлэх боломжтой. Тиймээс хэрэглээ, ашиглалт талаасаа ч Оffice 365-ыг хэрэглэгчдэд хамгийн олон давуу тал, боломжуудыг бий болгож байгаа юм.
MM: Дэлхийн мэдээллийн технологийн салбарт танигдаад буй энэхүү дэвшилтэт програмын талаар уншигчдадаа танилцуулсан танд баярлалаа.
Шийдлийн дэлгэрэнгүй: https://mogulss.mn/microsoft-office-365
Ярилцсан: Э. Оджаргал
"Mongolian Mining Journal" сэтгүүл