Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд төрөл бүрийн програм хангамж нэвтэрч, ажлыг хөнгөвчлөхийн сацуу асар их мэдээллийн урсгалыг бий болгодог болжээ. Тэгвэл энэхүү мэдээллийг хэрхэн удирдаж бизнест ашигтай шийдэл гаргах талаар Mogul Consulting Service компанийн гүйцэтгэх захирал Н.Жавхлантай ярилцлаа.
Mogul Consulting Service компанийг зах зээлд танилцуулаад удаагүй байна. Компанийнхаа үйл ажиллагааг товч танилцуулаач?
Бизнесийн байгууллагууд ширүүн өрсөлдөөнд ялгарч гарч ирэхийн тулд маш чадварлаг баг бүрдүүлж тэднийхээ ур чадварыг гүйцэд ашиглах шаардлагатай болжээ. Илүү үр дүн гаргахын тулд зөвхөн хүний ур чадвараар зогсохгүй ERP, CRM гэх мэт олон төрлийн програм хангамж, технологийн дэвшлийг ч үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгцээтэй болоод байна. Манай компанийн хувьд хүний нөөцийн бодлого төлөвлөлт, тэдгээрийн хэрэгжилтэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн мэргэжлийн outsourcing, Aй Ти Зон ХХК-ийн Green HRM системийн нэвтрүүлэлттэй холбоотой сургалт болон зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.
Сүүлийн үед “outsourcing” гэдэг ойлголт эрчимтэй дэлгэрч салбар бүрт сонсогдох болсон ч хүний нөөцийн салбарт нэвтэрч байгааг нь сонсоход их сонирхолтой санагдлаа. Энэ чиглэлээр бизнес эрхлэх сэдэл хэрхэн төрсөн бэ?
Хүний нөөцийн бодлого төлөвлөлт гэдэг зөвхөн томоохон хэмжээний байгууллагуудад яригддаг асуудал биш. Жижиг байгууллагуудад ч ялгаагүй чухлаар тавигдах ёстой юм. Гэсэн ч өнөөгийн нөхцөлд
“хувийн хэвшлийн байгууллагууд хүний нөөцийн жижиг бүтэцтэй, аль эсвэл огт байхгүй байдгаас үүдэн удирдах ажилтнууд нь ажилтан сонгон шалгаруулах, ажлын бүтээмжийг хянах гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаанд биечлэн оролцож үндсэн ажилдаа зарцуулах цаг нь хумигдаж байдаг.
Нөгөөтээгүүр, “хүний нөөцийн ажилтнууд нь ирц, чөлөө, цагийн болон цалингийн тайлан, төрөл бүрийн өргөдөл, тодорхойлолт гэх мэт олон тооны хөдөлмөрийн харилцааны асуудалд ямагт дарагдаж байдаг учраас бодлогын түвшинд анхаарал хандуулж амжихгүй өдөр өдрөөр аргацаах байдалд орчихсон байх нь элбэг.”
Өнөөдөр санхүү, нягтлан бодох бүртгэлийн, мэдээллийн технологийн үйлчилгээний гэх мэт outsourcing хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах жишиг зах зээлд тогтворжиж outsourcing үйлчилгээний тухай ойлголт харьцангуй нийтлэг болсон байна. Хүний нөөцийн салбарт олон жил ажиллаж, олон ч сургалт, зөвлөгөө зохион байгуулсан туршлагадаа үндэслэн хүний нөөцийн бодлого төлөвлөлт, өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалтын чиглэлээр бизнесийн байгууллагуудад мэргэжлийн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх боломж байгааг олж харснаар Mogul Consulting Service компанийг байгуулах санаа төрсөн.
Mogul Consulting Service компанийн зөвлөх үйлчилгээ бизнес эрхлэгчдэд ямар давуу тал үүсэх вэ?
Юун түрүүнд манай компанид хүний нөөцийн салбарт олон жил ажилласан туршлагатай зөвлөх мэргэжилтнүүд ажилладаг учир үйлчлүүлэгчдэдээ мэргэжлийн өндөр түвшинд зөвлөгөө өгч байгууллагадаа тохирох хүний нөөцийн бодлого боловсруулах түүнийгээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл манай үйлчилгээг авснаар үйлчлүүлэгчид маань өндөр ур чадвар бүхий хүний нөөцийн багтай болж хүний нөөцийн холбогдолтой бүхий л асуудлаа шийдвэрлээд зогсохгүй байгууллагад нь хувь нэмрээ оруулах сайн ажилтнуудтай болох боломж нээгдэнэ гэсэн үг юм.
Жишээлбэл, нэгэн байгууллагын гүйцэтгэх захирал нь шинэ ажилтан сонгон шалгаруулах ажлаа өөрөө хийдэг бол олон тооны анкет шүүж, 10 орчим ажил горилогчтой биечлэн уулзаж, ярилцлага хийх шаардлагатай болно. Энэ бүх ажилд зарцуулах цаг хугацаа үндсэн ажлаас нь “хумсална”. Харин энэ ажлаа бидэнд даатгаснаар анкетын болон анхан шатны ярилцлагын бүхий л процессыг ажил олгогчтой харилцан тохиролцсоны дагуу манай компани хариуцаж, үйлчлүүлэгч маань хамгийн боломж өндөртэй цөөн тооны ажил горилогчтой уулзаж, ярилцах замаар цагаа хэмнэнэ.
Хүний нөөцийн мэргэжлийн outsourcing үйлчилгээг ямар хэлбэрээр үзүүлж байна вэ?
Бизнес эрхлэгчид хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагаагаа бидэнд даатгах боломжтой. Тухайлбал, хүний нөөцийн ажилтнууд цаг бүртгэл, төрөл бүрийн тодорхойлолт гаргах, ирцийн хүсэлт бүртгэх зэрэг өдөр тутмын хөдөлмөрийн харилцааны асуудалд дунджаар нийт ажлын цагийнхаа 80 орчим хувийг зарцуулдаг гэсэн албан бус тооцоо бий. Энэ бүхний цаана их хэмжээний мэдээлэл бий болж тухай бүрт нь хүний нөөцийн мэргэжилтэн биечлэн дүн шинжилгээ хийж архив, бүртгэл шүүх шаардлага гардаг учир дээрх 80% гэдэг статистик бараг үнэний хувьтай. Манай компани үйл ажиллагаандаа Green HRM хүний нөөцийн удирдлагын системийг ашигладаг учир дээр дурдсан мэдээллийг системдээ төвлөрүүлэн бүртгэж үйлчлүүлэгчдийнхээ цагийн бүртгэл түүнтэй холбогдох тайлан тооцоог өнөөгийн зах зээлд дэх хамгийн шилдэг туршлагад үндэслэн цаг тухайд нь бэлтгэж өгөх боломжтой. Тиймээс дээрх ажлаа бидэнд даатгасан үйлчлүүлэгч, бизнесийн хүний нөөцийн мэргэжилтний ажлын ачааллыг 80 хүртэл хувиар бууруулан үндсэн ажилдаа илүү төвлөрч, өдөр өдрөө аргацаасан бус ирээдүйг харсан хүний нөөцийн бодлого, төлөвлөгөөг боловсруулахад нь түлхэц болдог.
Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Зах зээлд шинэлэг үйлчилгээ нэвтрүүлж буй ажилд тань өндөр амжилт хүсье.